Хүндээ ээлтэй ногоон байгууллага болцгооё!
Оффисын орчин арьсны асуудал үүсэх шалтгаан болдог уу?
Оффисын ажилчид ихэвчлэн гадаа болон үйлдвэрлэлийн орчинтой харьцуулахад илүү хяналттай, цэвэрхэн ажлын байранд ажилладаг ч оффисын орчинтой холбоотой арьсны асуудалтай тулгарч байдаг. Учир нь бид хоногийн 24 цагийн 8-10 цагийг оффисын орчинд өнгөрүүлдэг. Олон цаг ажил дээрээ эсвэл гэртээ ихэвчлэн агааржуулалттай, хиймэл гэрэлтүүлэгтэй, компьютер, утасны дэлгэцээс хамааралтай байснаас болж, удаан суух, стресс, оффисын тодорхой нөхцөл байдал зэрэг нь арьсны янз бүрийн асуудлыг дагуулж байдаг.
Арьсанд тохиолдох нийтлэг асуудлуудыг дурдвал:
Хуурай арьс: Оффисын байранд агааржуулагч, чийгшил багатай удаан хугацаагаар байх нь арьс хуурайшиж, таагүй мэдрэмж төрүүлэх, загатнах, гуужиж, таталдах гэх мэт таагүй үр дагаварт хүргэдэг.
Хүрэлцэхүйн дерматит: Хатуу гадаргуугийн химийн бодис, цэвэрлэгээний бээлийн латекс, албан тасалгааны хэрэгсэлд байдаг тодорхой бодисууд /принтерийн хор гэх мэт/ зэрэг нь оффисын орчинд тодорхой материалд өртсөний улмаас хүрэлцэхүйн дерматитын үүсгэгч болох нь олонтоо.
Нүдний ядаргаатай холбоотой арьсны асуудлууд: Компьютерын дэлгэцэд байнга өртөх нь нүдийг ядаргаанд оруулж нүд хуурайшиж, загатнаж, нухсаны улмаас нүдний эргэн тойрон дахь арьс улайж, цочрооход хүргэдэг.
Стресстэй холбоотой арьсны асуудал:
Стресс нь оффисын ажилд түгээмэл тохиолддог хүчин зүйл бөгөөд батга, экзем үүсгэх эсвэл арьсны урьд өмнө үүссэн нөхцөл байдлыг бүүр муутгах зэрэг арьсны асуудлуудад нөлөөлж байдаг.
Буруу суулттай холбоотой асуудлууд:
Компьютерын өмнө удаан суух нь бие эрүүл мэндийн хувьд муу бөгөөд сандал, ширээтэй удаан харьцсан хэсэгт шарх, батга гарах гэх мэт арьсны асуудлууд үүсдэг.
Гадуур хооллолт:
Оффисын ажилчид ихэвчлэн гадуур хооллодгоос болоод эрүүл мэндийн хувьд дотоод эрхтнүүдийн асуудлаас бол арьсны асуудлууд үүсдэг.
Харин эдгээр тулгараад буй асуудлуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Чийгшүүлэх: Агааржуулагч болон орчны агаарын хуурайшилттай тэмцэхийн тулд тогтмол чийгшүүлэхийг дэмж. Ажилтнууддаа усны хэсэг рүү байнга явах боломжийг олгох эсвэл ажилчдад ширээн дээрээ усны сав байлгахыг зөвлөх, зөвшөөрөх.
Эргономикийн үнэлгээ:
Албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмжийг зөв байрлалыг дэмжих, ажлын байран дээрх эрсдэлийг бууруулах зорилгоор тоног төхөөрөмж, тавилгыг зөв суурилуулсан эсэхийг шалгахын тулд эргономикийн үнэлгээ хийх.
Арьс арчилгааны талаарх мэдлэг олгох хөтөлбөрүүд:
Оффисын ажилчдад арьс арчилгааны талаар мэдлэг олгох, үүнд аль болох байгалийн гаралтай гарын саван, чийгшүүлэгч хэрэглэх, химийн хорт бодисоос зайлсхийхийн ач холбогдлыг сургах хөтөлбөрүүдийг хэрэгжүүл.
Нүдээ амраах зааварчилгаа өгөх:
Нүдтэй холбоотой асуудлуудыг багасгахын тулд 20-20-20 дүрэм баримтлах. (20 минут тутамд 20 алхам зайд байгаа зүйлийг харахын тулд 20 секундийн завсарлага авах) зэрэг нүдний ядаргааг багасгах заавар, зөвлөмж байнга өгөх. Нийт ажилчдынхаа нүдний харааг жилд 1 удаа үнэ төлбөргүйгээр үзүүлж байх. Мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээллийг онлайн хэлбэрээр өгөх.
Стресс менежментийн санаачилга:
Ажлын байран дээрх стресстэй холбоотой арьсны асуудлыг багасгахад туслах эрүүл мэндийн хөтөлбөр, иог эсвэл бясалгалын хичээл гэх мэт стрессийн менежментийн санаачилгыг нэвтрүүлэх.
Ажлын байрыг тогтмол цэвэрлэх: Арьсны асуудалд нөлөөлж болох тоос шороо, харшил үүсгэгчийн нөлөөллийг багасгахын тулд оффисын өрөөг тогтмол цэвэрлэж байх. Цэвэрлэгээг хийхдээ цэвэрлэгээнд хэрэглэж буй гадаргуугийн бодисуудын орц найрлагыг сайтар судлах. Химийн хортой бодис бага агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг ашиглах.
Завсарлага, хөдөлгөөнийг урамшуулах:
Цусны эргэлтийг сайжруулж, удаан суухтай холбоотой арьсны асуудал үүсэх эрсдэлийг бууруулахын тулд ажилчдаа богино завсарлага авах, сунгалт, гимнастик хийлгэх, хөдөлгөөн хийж байхыг урамшуулан дэмж.
Анхны тусламжийн хэрэгсэл:
Бага зэргийн цочрол, хуруу гараа зүсэх гэх мэт арьс арчилгааны яаралтай хэрэгцээг хангахын тулд анхны тусламжийн иж бүрдлийг сайтар нөөцлөөрэй. Мэдээж яаралтай тусламжийн хайрцагт байнга байдаг шархны лент, эм бэлдмэлээс гадна яаралтай булчин шөрмөс чангарах, хүзүү толгой өвдөх зэрэгт хэрэглэх өвчин намдаах бальзам, түрхлэг гэх мэт. Мөн гараа түлэх, ил шарх авах гэх мэтэд түрхэх бальзам.
Нэмэлт сэргээгчид:
Ажлын байран дээр ус болон кофеноос гадна эрүүл мэндийн сайн чанарын навчит цайнууд байршуулах. Тогтмол кофе хэрэглэхээс урьдчилан сэргийлж эсвэл бие махбодын хэрэгцээний хувьд кофе хориотой ажилтан байдаг бол кофег орлох байгалийн гаралтай, органик цайг хэрэглүүлэх.
Oффис гал тогоо:
Хэрвээ танай компанийн цөөн ажилтантай эсвэл гал тогооны хэсэг гаргах боломжтой бол аль болох гадуур хооллолтыг дэмжихгүйгээр оффис дээрээ хоолоо хийх, хооллох боломжоор хангах. Энэ нь эдийн засгийн болоод эрүүл мэндийн хувьд онцгой ач холбогдолтой.
Оффисын эрүүл орчныг дэмжих нь зөвхөн бие махбодын тав тухыг хангахаас гадна ажилчдын ерөнхий сайн сайхан байдлыг хангахад чиглэгддэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, мэдлэгийг дээшлүүлснээр компаниуд арьсны эрүүл мэнд, оффисын ажилчдын сэтгэл ханамжид хувь нэмэр оруулах боломжтой юм шүү.