Өнөөдөр бол "Олон улсын гэрийн эзэгтэй нарын өдөр"

2023-11-03 07:39
Өнөөдөр бол "Олон улсын гэрийн эзэгтэй нарын өдөр"
Жил бүрийн 11-р сарын 03-ныг гэртээ сууж, өрх гэрийнхээ бүх ар талыг дааж байдаг гэрийн эзэгтэй /заримдаа эрчүүд ч ийм үүрэг хүлээх нь бий/ нарын өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг аж.

Чухам энэ өдөр яг хаанаас, хэзээ үүссэнийг тогтооход төвөгтэй бөгөөд ийм өдрүүд хэд, хэд байдаг. Магадгүй анх энэ өдрийг өөрийн хичээл зүтгэлийг тийм ч сайн үнэлүүлээгүй нэгэн эмэгтэй санаачилсан гэх таамаг байдаг бөгөөд түүний санаачилгыг дэмжих олон нийт бэлэн байсан тул маш хурдан олны дуртай өдөр болсон байх. 

Англи хэлний тайлбар тольд “housewife” гэдэг үгийг “Нөхөр эсвэл хамтран амьдрагчаа ажилдаа явсан хойгуур гэр орныхоо бүхий л асуудлыг хариуцан, гэр бүлээ асрах, орон гэрийнхээ асуудлуудыг зохицуулах, гэрийн ажлуудаа хийдэг эмэгтэй” гэсэн байх бөгөөд “гэрийн эзэгтэй гэдэг нь зөвхөн гэрт суудаг эзэгтэй бус сувилагч, тогооч, нягтлан бодогч, асуудлыг зохицуулагч, жолооч, дасгалжуулагч, менежер гээд олон мэргэжилтний хийх ёстой ажлыг хийдэг хүн” гэжээ. 


Ихэнх хүмүүс гэртээ байдаг ээж болон аавыг үд хүртэл унтчихаад үдээс хойшдоо хэдхэн зүйлийг цэгцлээд ТВ үзэж суудаг хүн гэж буруу ойлгох нь элбэг. Гэвч ихэнх гэрийн эзэгтэй нар хамгийн түрүүлж босож өглөөний цай бэлдэхээс эхлээд хүүхдүүдээ хүргэх, цэвэрлэгээ, угаалга, хүнс цуглуулах, төлбөр тооцоо барагдуулах, хүүхдүүдээ авах, гэрийн даалгавар хийлгэх, хоол ундаа бэлтгэх г.м-ээр борви бохис хийлгүй ажиллаад эцэст нь бүх хүн унтсаны дараа унтдаг. Тиймээс энэ өдөр бол тэдний энэхүү цаг наргүй ажлыг бодитоор үнэлж, тэдэнд нэг өдөр өөрийн дураар амрах боломж олгон гэрийн ажлаас нь чөлөөлөх өдөр гэнэ.


Та хэрэв өөрөө гэрийн ээж юм уу аав бол энэ өдөр өөртөө бүрэн чөлөө олгоорой. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, аваад орой таныг очиж автал гэртээ байлгаж байх хүнийг олох, харин гэр орны ажлыг бол тэр чигт нь хая. Тэгээд өөрийнхөө алжаал ядаргааг тайлах массаж хийлгэж, алжаал тайлах төвд зочилж, найз нөхөхтэйгөө уулзан, үзвэр үзсэн ч болно. Танд орой нөхөр/эхнэр тань гэртээ ирэх хүртэл хангалттай хугацаа байх болно. Хэрэв та энэ өдрийг амжилттай тэмдэглэж чадвал маргаашаас илүү эрч хүчтэй, аз жаргалтайгаар үндсэн гэрийн ажлуудаа эмхлэн, хийж чадна. 


Харин та гэрийн эзэгтэй, нөхрөө гэртээ орхиод ажилдаа явдаг хүн нь бол энэ өдрийг бүү мартаарай. Ажлаа эртхэн зохицуулж гэртээ ирээд таны ар талыг найдвартай дааж байдаг хайртыгаа дагуулан оройн хоол идэх, клуб, үзвэрийн газраар зочлоход цаг заваа гаргаарай. Мөн түүндээ сайхан бэлэг авч нөр их хөдөлмөрийг нь үнэлж, хэцүүг нь мэддэгээ хэлээд, баярлаж талархаж байгаагаа илэрхийлээрэй. 

Энэ сайхан сэтгэлийн үг тань түүнд хамгийн том бэлэг байх болно.  

Хэрэв та хоёр зэрэг ажил хийгээд хэн нэгнээр гэрийн ажлуудаа хөлсөөр хийлгэдэг бол тэр хүндээ нэмэлт хөлс өгч, түүний гэр бүлийнхэнд юм уу өөрт нь сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц бэлэг өгөөрэй. Мөн баярлаж талархаж явдгаа илэрхийлээд оройн хоол хамт идэн, сэтгэл сэргэм үзвэр, шоунд очиж ч болох юм шүү.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл