Уруулын будгийг эртний Месопотамиягийн бүсгүйчүүдээс эхлэлтэй гэж үздэг байна. Эртний Месопотамиягийн бүсгүйчүүд 2500 жилийн тэртээ үнэт чулууг нунтаглан уруулдаа түрхэж хэрэглэдэг байжээ.
Харин эртний Египетэд нунтагласан үнэт чулуун дээрээ хорт бодис нэмж хэрэглэдэг байсан нь олон эмэгтэйчүүдийг өвдөхөд хүргэж байв. Тухайн үед үзэсгэлэн гоогоороо алдаршсан Египетийн Хатан хаан Клеопатра хортой бодис агуулсан уруулын будаг хэрэглэж байгаагүй. Тэрээр аалз болон шоргоолжноос цайвар улаан өнгийн будаг гаргаж авч хэрэглэдэг байжээ.
Египетийн Хатан хаан Клеопатра
Хатуу биет уруулын будаг нь НТӨ 500 онд Ойрхи Дорнодод бий болсон нь удалгүй дэлхий даяар тархсан түүхтэй. Английн вант улсад уруулын будаг Нэгдүгээр Елизабет Хатан хааны үед буюу 1500 оноос өргөнөөр хэрэглэгдэх болж дээд давхаргын бүсгүйчүүд тод улаан өнгийн уруулаараа ялгардаг болсон байна.
Елизабет I Хатан хааны хэрэглэж байсан уруулын будаг
Хамгийн анхны уруулын будгийн үйлдвэрлэлийг Гюрлайны гэр бүлийнхэн 1828 онд эрхэлж байлаа. Гюрлайныхан сарнай цэцгийн ханднаас гаргаж авсан шингэн уруулын будгийг жижиг шилэн савлагаатайгаар үйлдвэрлэдэг байв. Энэ уруулын будгаа 1958 оныг хүртэл борлуулж байсан бөгөөд 1870 онд хамгийн анхны өдөр тутмын хэрэглээний тосон уруулын будгийг тэд үйлдвэрлэж эхэлжээ.
Гюрлайны гэр бүлийнхэн 1828 онд үйлдвэрлэж байсан шингэн уруулын будаг
Уруулын будгийн түүхэнд томоохон дэвшил авч ирсэн үйлдвэрлэгч бол “Max Factor” юм. АНУ-д 1904 онд цагаачлан ирсэн Максимилиан Факторович нь уруулын будаг, уруул өнгөлөгч, өнгийн сормуусны будаг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд маш олон шинэчлэл авчирсан нэр хүндтэй компанийг удирдаж байсан эрхэм юм.
Максимилиан Факторович
Уруулын будгийн түүхэнд 1920 оныг шинэ үе гэж нэрлэдэг бөгөөд энэ үеэс уруулын будаг төдийгүй эмэгтэйчүүдийн имиж, гоо сайхан, нүүр будалтын шинэ өнгө аяс тодорч эхэлсэн байна. Эргэдэг хоолой бүхий орчин үеийн уруулын будгийг 1923 онд анх зохион бүтээжээ. Мөн 1930 оноос уруулын будаг нь Мерлин Монро, Элизабет Тэйлор зэрэг алдартай бүсгүйчүүдийн бэлэг тэмдэг болж эхэлсэн.
1930-аад онд "Та уруулаа будснаар таван насаар залуу харагдана" хэмээн сурталчилдаг байв
Улмаар 1950 оноос уруулын будгийг үйлдвэрлэгч компаниуд олноор бий болж уруулын будгийг зөгийн бал, чинжүүний тос зэргээс гаргаж авдаг болсон байна. Үүнийг тухайн үеийн урлагийн бүсгүйчүүд хэрэглэх болжээ. Харин 1960 оноос уруулын будаг нь өнгөний олон сонголттой болж, бор болон сувдан өнгө түлхүү орж ирсний чацуу гялалзуулагч өнгөлөгчийг олон орны бүсгүйчүүд өргөн хэрэглэх болов. Өдгөө 2000 жилийн дараагаар буюу орчин цагт уруулын будаг хамгийн сонгодог, төгс хэлбэртэй болж ирсэн ба хүссэн өнгийн уруулын будгийг хүн бүр хэрэглэх боломжтой болжээ.
ФОТО:
1916 оны бүсгүйчүүд тод улаан өнгийн уруулын будаг хэрэглэж байв
Жонн Кравфорд - 1920 оны эмэгтэйчүүдийн шинэ дүр төрх
Мерлин Монро 1930 оны үед анхны эргэдэг уруулын будгийг хэрэглэж байжээ
1930 оны бүсгүйчүүдийн нийтлэг дүр төрх
1942 оны уруулын будгийн үйлдвэрлэл
1940-өөд оны бүсгүйчүүдийн дүр төрх
1952 он Одрей Хепберн тухайн үеийнхээ бүсгүйчүүдийн нүүр царай болж байв
1950 онд тод улаан, ягаан өнгийн уруулын будаг бүсгүйчүүдийн имижийг тодорхойлж байв